Санаанд ойрхон ч биднээс тэс өөр ЗҮҮН ӨМНӨД АЗИ-2009

Төрж өссөн улс орноосоо гадагшаа гарч нүд тайлна гэдэг хувь хүний хувьд сонин адал явдал билээ. Хойшоо явна гэхээр Орос Улс, баруун руу явна гэхээр Герман улс, урагшаа явна гэхээр Эрээн эсвэл Бээжин хот л санаанд буудаг байсан цаг саяхан мэт санагдана. Гэтэл одоо монголчууд хаа сайгүй л аялах хүсэлтэй болж, энэ хүсэл нь ч мөрөөдөл биш амьдралд өнгө, туршлага, адал явдал нэмэх нэгэн арга хэлбэр , нөгөө бодлын алжаал тайлж нүдээ баясгах боломж бүхий амралтын нэг хэлбэр болж эхэллээ.

Дунд сургууль төгсөөд ОХУ-д суралцаж, дараа нь бизнесийн ажил үүргийн дагуу Герман, Япон, Франц, Голландийг үзсэн минь тун азтай. Эдгээр аялал бүр надад шинэ санаа олж авах , туршлага судлах, аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад минь ихээхэн хувь нэмэр болсон байдаг. Аялал бүрийн дараа хэдийгээр ядарснаа мэдэрдэг ч, дахиад л шинэ эрч хүч, шинэ санаа оюунаагаар тэжээгддэг нь үнэн билээ.

Гэтэл хүний мөрөөдөлд хязгаар байдаггүй нь үнэн юм. Учир нь хүн үргэлж шинэ, сайхан мэдрэмжүүдийг хайж явдаг мэт.

Зүүн Өмнөд Азийн орнууд бидэнтэй ижил Азийн хэв шинжтэй боловч биднээс ялгарах урин дулаан цаг агаар, ой шугуй, далайн гоёмсог эргүүд, хоол унд, жимс жимсгэнэээс гадна аялал жуулчлалын үйлчилгээ өндөр түвшинд хүрсэн, харьцангуй боломжийн үнэ өртөгтэй , аюулгүй тайван орчинтой гэсэн бодлууд нь тийшээ аялах юмсан гэсэн нэгэн мөрөөдлийг надад хэдийнээ бий болгосон байлаа.

singapore

Ийнхүү бидний хэсэг нөхөд Зүүн Өмнөд Азийг “нээх”-ээр санал нэгдэж 2009 оны 11-р сарын 06-нд Чингис хаан нисэхонгоцны буудлаас аялалаа эхэллээ. Аялалын баг 6 хүнээс бүрдсэн 2 хос, 2 залуу байсан. Тэдний 2 эхнэр ажлын шалтгаанаар үлдсэн бөгөөд хэзээ нэгэн цагт тун удахгүй 8 –лаа аялал хийх боломжийг тэсч ядан хүлээж байгаа билээ. Бидний аяллын чиглэл: УБ- Бээжин-Сингапур-Малайз-Тайланд-Лаос-Вьетнам-Бээжин-УБ. Камбоджийг, ялангуй алдарт Анкор Ватыг аялалдаа оруулах хүсэл нилээн байсан боловч яагаад ч юм энэ удаа чадаагүй, дараагийн аялалдаа “жоорлож” үлдээсэн билээ.

singapore3

Гэр болон ажлаасаа үүргэвчээ үүрээд шууд л нисэх дээр цугларсан бидний сэтгэл маш хөөрсөн, бас туулах гэж буй 22 өдрийн адал явдлынхаа гарааг эхлэх гэж яарч догдолсон байсан юм. Мэдээж бүгд ажил болон гэр бүл, үр хүүдийнхээ асуудлыг сайн зохицуулж үлдээсэн, гар утсаа роумингд холбосон, ачаагаа буюу үүргэвчээ хамгийн хөнгөн байдлаар зохицуулсан, аппаратаа авцгаасан, газрын зурагаа цүнхэлсэн, аяллын маршрутаа толгойдоо тоймолсон байсан.   Аан тийм, замд хэрэглэх санхүүгээ буюу доллараа олон улсын картандаа хийж цэнэглэсэн. Бид олон өөр мөнгө, ханштай газраар явах учир ер нь бол доллар л хөрвөх чадвар сайтай, тэгээд ч ханш чанга гэдгийг мэдэж тооцоолсон байсан билээ. Харин яагаад 11 сард аялалаа хийсний учирнь нэгдүгээрт энэ үе бол намрын их ажлын дараах нэгэн хэсэг намсхийдэг үе, ажлын ачаалал их биш, хоёрдугаарт монголд хүйтэн болж эхэлдэг, харин зүүн азийн орнуудад заримых нь борооны улирал дуусдаг, температурын хувьд айхтар халуун биш бидэнд яг таарсан буюу +25+32С орчим, гуравдугаарт энэ үед энэ бүс нутагт жуулчны ачаалал багатай үе тохиодог гэсэн тооцоолол байсан билээ.

За, ингээд үүргэвчээ үүрээд ,гааль гараад хүлээх танхимд кофе ууж хэсэг сууцгаав. Аялалын талаарх нарийн тодорхой мэдээлэл хэнд нь ч байгаагүй, бид ерөнхий төлөвлөгөө гаргуулж, ерөнхий мэдээлэл, зөвлөмжүүдийг мэргэжлийн байгууллагаас авсан байсан ба зарим нарийн зүйлүүдийг “адал явдал, гэнэтийн учрал” болгох үүднээс   “газар дээр нь шийдвэрлэнэ” гэсэн бодолтой байлаа.

Бээжинд 2 цаг орчмын дараа Капитал шинэ нисэх буудалд 19 цагийн үед буулаа. Бээжингийн 2008 оны Олимпид зориулж шинээр ашиглалтанд орсон нисэх буудал нь шил толь нь гялтганасан, нүсэр том орон зай, өнгө будаг, зохион байгуулалтыг сайн хийсэн томоохон бүтээн байгуулалт ажээ.  Бид эндээс шууд Сингапур руу нисэх ёстой, гэхдээ нисэх хүртэл 5 орчим цагийн зай байсан тул баахан сэлгүүцэв. Орой байсан тул нисэх буудлын хөл хөдөлгөөн нилээн намжсан, зарим хэсгээрээ бараг хүнгүй , хямд төсөр хоолны лангуунууд хаасан байсан тул Ресторанд тухалж пицца, орос борщ авч идэцгээв. Бас ч болоогүй хоолны орц бага, цадаж чадаагүй байснаас болсон уу, “монголын 120 ш хуушуурны мөнгөөр хоол идээд цаддагүүй ээ” хэмээн хошигнон хөхрөлдөцгөөж билээ. Харин авууштай зүйл нь нисэх буудал дээр хаа сайгүй үнэгүй буцалсан халуун ус, уух хүйтэн ус авах цэгүүд байхаас гадна, цахилгаан розеткууд /утас, ноутбукаа цэнэглэх/ тавьж өгчээ. Ариун цэврийн өрөөнүүд уудам, маш цэвэрхэн.

Тоочихгүй өнгөрч болохгүй Нэгэн чухал зүйл! Би гэр бүлийн хүний хамт аялсан ба нөхөр маань зураг авах хоббитой, тэгээд ч Canon брэндийн тухайн үеийн хамгийн дэвшилтэт аппараттай явж аялалын туршид бидний зургийг авч байснаас гадна, нэгэн гишүүн маань Sony-брэндийн видео аппаратаар бичлэг хийж байсан нь аялалын үеийн агшнуудыг маш өндөр түвшинд үлдээж дараа нь зураг, бичлэгээ харж таашаал авч байх сайхан боломжийг манай багийнханд олгосон билээ. Аялалаас дурсамж, зураг л үлддэг. Харин хүнд үзүүлэхэд зураг л хамгийн сайхан, хамгийн өнгөлөг байх ёстой мэт. Эдгээрийг ч бид үлдээж чадсан.

Сэлгүүцэж явж байгаад явах Сингапурын нислэгийн гарц дээрээ очвол, нислэгийн гарцны дугаар гэнэт өөрчлөгдсөн байсанд жаахан сандралд орж амжсан шүү. Гарцаа эртхэн олоод, өөрчлөлтийн талаарх мэдээллийг чагнаж баймаар юм байна лээ. Бидний нислэг шөнийн байсан тул манай МИАТ-ийнх шиг сайхан халуун хоол өгсөнгүй зууш, ундаа, цайгаар үйлчилж байсан.

 

За, ингээд өчигдөр орой монголоос гарсан бид маргааш өглөөний үүрээр 6 цагт, +35С-ийн халуун төөнөж, чийг ханхалсан Сингапурт буулаа. Нисэх буудлын нэр CHANGI International Airport. Биднийг нарлаг халуун орон, далайн эргийн амьдралд нэвтэрснийг илтгэх мэт тод томруун өнгөлөг орчин, гэрэл гэгээ, цэвэр тоосгүй орчин, чийглэг тунгалаг агаар угтлаа. Харин бид амьхандаа хөнгөхөн явна гэж тооцоолон дотуур өмднүүдээ орхиж жинсэн өмдтэй л гарсан. Гэтэл хамаг биеийн хөлс чийхран жинсэн өмд биенд наалдаж байсан тул хурдхан л жинсэн өмднөөсөө салж богино шортуудаа өмсөхөөр яарцгаав. Бид чинь амьдралдаа анх удаа дэлхийн экваторт хамгийн ойр ирээд байгаа билээ.

Эндэхийн хүмүүсийг зэрвэсхийн ажихнаа бүгд л богино шорт, углааш л өмссөн байна. Цэвэрхэн цагаан ази царайтай, найрсаг зантай, англиар чөлөөтэй ярих юм. Улс орны хөгжил нисэх буудлаас эхэлдэг бололтой. Өнгөлөг цэвэрхэн лангуунууд, сонихон бараа “товар”, үйлчилгээнүүд, сайхан кофе ханхалж аргагүй л талын монголоос минь тэс өөр орчинд ороод ирснээ мэдрэв.

singapore1

За, тэгээд нисэх буудал дээр ирээд хамгийн эхний асуудал буюу “синга” доллар солиулж аваад хот руу орох унаагаа сонгохоор болов. Эндэхийн метрог MRT /эм ар ти / гэх бөгөөд билет нь явах буудлын хол ойроос хамаарч 1.80 -2.05 $, мөн барьцаа ч гэх уу урдчилгаа ч гэх үү 1дол. төлж зорчих карт/билет аваад буухдаа буцаагаад энэ мөнгөө авдаг журамтай юм байна. Ингээд л гараад анхныхаа “будилаан”-ыг хийлээ.   Метронд суугаад л хот руу явсан чинь буцаад л нисэх буудал дээрээ хүрээд ирэх юм. Гайхаад бие биенийгээ шооллоо. Бид шугамаа андуурч нисэхийн богино тойргийн метронд суужээ. Алдаагаа засаад ямар ч байсан хот руу ороод нэгэн монгол айлыг олохоор хаягыг нь бариад алхлаа. Энэ бол үүргэвчээ үүрээд гудамж метрлэн цувж алхсан эхний явган аялал байлаа. Сингапурчууд англиар ярих тул нэг талын амар байлаа, бид асууж сурагласаар айлаа олоод ирлээ. Энэ бол монгол бүсгүйтэй суусан европ залуугийн гэр байсан юм. Гэрийн эзэд алга, филиппин гэрийн үйлчлэгч биднийг гоймонтой хуургаар дайлав.  Эднийх 5 давхар, 6-7 өрөөтэй айл юм. Энэ хороолол нь нилээн бэлэрхүү хүмүүсийн амьдардаг бичил орчин бололтой. Бид сонирхож байрны гадуур, дотуур болон гудамжаар нилээн явсан. Айлууд дундаа тансаг усан бассейн, хүүхдийн тоглоом, бүр “party” хийх тусгай тавцан, мах шарах газартай, саунтай юм байна. Эндэхийн хүмүүс тансаг амралтын газар амарч буй мэт амьдардаг ажээ. Үнэхээр гайхалтай. Миний хувьд энэ сайхан орчин болон , жилийн турш байх нарлаг дулаан цаг агаарт нь атаархав.

Сингапур бол бидний аялалын газруудаас хамгийн хол бөгөөд хөгжингүй улс байсан юм. Энэ ч утгаараа хамгийн үнэ өртөг өндөртэй газар нь байлаа. Бид аялалаа хамгийн хол цэгээс нь эхэлсэн гэсэн үг. Айлаасаа гараад хотын төвийн хэсэг болох BUGIS руу явлаа. Бид хотын төвд HAWAI hostel гэх хямд буудалд буусан. Бид аялалын эхэнд ядраагүй байсан тул буудлын өрөөний тав тух гол асуудал биш байлаа. Бас мөнгөө хэмнэсэн хэрэг. Гэхдээ л нэг өрөө нь 48 дол байсан.

Сингапур бол хот улс. Үнэхээр сайхан хөгжсөн, цэвэр цэмцгэр хот байсан. Байшин, гудамжуудыг нь угаагаад будаад тавьчихсан мэт хог шороо, тоос алга аа. 11 сарын 7 нд Сингапурчууд Зул сарын модны чимгээ асаах ёслолоо хотын төвдөө Orchard street- д хийсэнтэй бид таарсан. Ерөнхийлөгч нь ирж үг хэлж, хүүхэд багачууд дуулалдан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн концерт тоглосон сайхан арга хэмжээ болсон. Маш тансаг гэрэл чимэглэл, баяр хөөр...... гэхдээ л цас байсангүй.

singapore4

Бид эндээ өдрийн хоолоо идээд (хоол нь маш гоё шүү) эндэхийн “баар”-ны гудамж буюу жуулчдын ихээр очдог CLARKE QUAI –руу явж сонирхсон. Ёстой төрөл бүрийн уушийн газрууд байснаас гажигтай гажигтай гэхээр баарнууд ч байсан. Яг шоронд байгаа мэт, эмнэлэгт байгаа мэтээр тохижуулсан баар байсан. Пивоо дуслын систэмнээс уугаад, виногоо шприцээр ам руугаа шахаад, цагаан халадтай сувилагч үйлчлээд гэх мэт. Ёстой сонин. Тэгээд орой болохоор шөнийн усан завины аялал буюу River view cruise –ээр аялж шөнийн хотын үзэсгэлэн, гэрэл гэгээ, Сингапурын бэлэг тэмдэг болсон загасан сүүлт арслан, Опера театр, тэнгэр багандсан шилэн цамхагуудийг үзлээ. Бас лангуунаас пиво авч наргицгаав- 1шил 5.долларв. Бааранд бол 1 шил пиво 12 дол.-аас дээш байдаг гэнэ. Нэг хэлмээр зүйл нь Сингапур цэвэр усны нөөцгүй тул 100 хувь Малайзаас ундны усаа хангадаг гэсэн. Гунигтай л юм, бид ч бас бодмоор....

Авууштай нэгэн журам байна аа тэнд: гудамжинд болон олон нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татах, юм идэх, бохь зажлах, ундаа уух ХОРИОТОЙ! Тэгээд бодохноо гудамжинд хаясан бохь хэрхэн муухай хар хар толбуудыг зам дээр үүсгэдгийг саналаа. Тэр толбуудыг цэвэрлэх гээд ч болдоггүй шүү дээ.   Үнэхээр бохио хаядаггүй болохоор гудамж ямар ч толбогүй, цэмцгэр байдаг аж.

Бид оройхон өрөөндөө ирж амраад маргааш СЕНТОЗА арал руу явахаар төлөвлөлөө. Өглөө босоод өрөөндөө бужигнан байтал хажуу өрөөний нэгэн илүү үгтэй залуу ирж бидэнтэй яриа өдөв. Хаанаас ирсэн, хаашаа аялж байгаа юм бэ гэх мэт. Монголоос гэхээр нилээн гайхаж байгаа бололтой. Ер нь фото болон видео камер “агссан” биднийг япон эсвэл солонгос, бүүр эцэст нь хятад гэж л хэлэхээс монголоос ирсэн гэж эндэхийн хэнбугай нь ч зүүдлэхгүй бололтой. Тэр залуу баахан буу халж байснаа өөрийгөө Бали арлаас ирсэн гэж хэлээд та нар Бали руу яваач дээ, эндээс маш ойрхон хямд, тэгээд сайхан далайн эрэг дээр очиж амраач гэдэг байгаа. Бид бие бие рүүгээ харж байснаа “тэгэх үү, Бали явах уу?” гэж өөрсдийгөө уруу татацгаав. Нээрээ бид чинь амарч яваа улс, хаашаа ч явсан яадаг юм, маршрут чөлөөтэй гэх мэтээр баахан хэлэлцээд орой Малайз руу биш харин Бали руу нисэхээр боллоо. Аяллын явцад гарах иймэрхүү жижиг өөрчлөлтийг аяллын компани маань зохицуулж өгөх учир бид цаашдын аялалд гарах өөрчлөлтийн тал дэр санаа огт зовсонгүй.

singapore2

Гэхдээ өнөөдрийн аялал бол СЕНТОЗА: бид Harbor front – буюу далайн эргийн буудал дээр ирээд тэндээсээ Сентоза арал руу хоёр талдаа 3 доллараар хүргүүлсэн. Өмнөхөн нь Harbor front-ийн дэлгүүр шопуудаар хэсч усны хувцас жижиг жаал юм, picnic lunch хийх хүнс зуушаа аваад өдрийн хоолонд орсон. Хоол бол маш олон төрлийн сонголттой, амттай, сонин. Залуучууд маань тахианы гуяны махтай шөл, хүүхнүүд нь донбури маягийн будаатай махтай хоол, тэгэд баахан жимс авсан. Ётой кокос гэдгийг чинь “амьдаар” нь идэж үзэв. Доторх шүүсийг нь натуралаар нь уусан. Маш сонин санагдсан шүү. Шүүс нь тийм нялуун чихэрлэг амттай, зарим хүнд бол таалагдаагүй, харин надад бол таалагдсан. Би ер нь хоол голдоггүй хүн л дээ.

Сентоза арал дээр ирээд шаргалтсан элс бүхий далайн эргийг анх удаа л харлаа. Сэтгэл хөдөллөө, сайхан санагдлаа. Далай цэв цэнхэр, элс нь маш нарийн ширхэгтэй цав цагаан өнгөтэй байлаа. Далайн эрэг хэсгийн гүехэн газраар усанд орж, зарим нэг нь “шумбав”. Эргийн элсэн дээр жаал тухалж байгаад Бали явахаар нисэх буудал руу яарлаа. Бид онгоцны билетийг тэндээс нь аваад л нисчихнэ гэсэн бодолтой байсан л даа. За эхлээд Бали явдаг нисэх компануудын нэрс, хуваарийг олж авлаа. Тэээд билет авах гэтэл “та нарт виз байга юм уу ” гэлээ. Бидэнд юун виз байхав, визгүй л явах байх гэж бодож байлаа. Тэгээд билетийн лангуунуудаар сураглаад хэд хэдэн компанийн нислэгийг судлав. Цаг нь тулсан тул билет нилээн үнэтэй 280-350 орчим доллар байлаа. Ашгүй нэг компанийн нислэгийн бүртгэл 5 мин дараа дуусна яаралтай билетээ аваад ор гэж хэлтэл манай “санхүүгийн хүн” буюу бидний мөнгийг барьж байсан хүн маань байдаггүй ээ, нисэх буудлаар юм сонирхоод явчихаж..... за ингээд л БАЛИ явах маань бүтэлгүй болсон юм даа. Тэгээд Малайз руугаа явахаар автобусны буудал руу зүглэллээ. 30 доллараар Сингапур-Куала Лумпурийн оройн 10:30-ийн автобусны билет авав. Явахаасаа өмнө түргэн хоолны жижиг кафед хооллоод гараад явж байтал манай нөхөр үүргэвчээ гэнэт санав. Хоолны газар орхижээ. Бөөн паниканд орж буцаад гүйж очтол “ашгүй” үүргэвч нь тавьсан газраа байсан даа.

Автобус тохилог бөгөөд эйр кондишн нь дэндүү сайн ажиллаж байсан тул бид бараг “цанхдах” дөхсөн. Шөнийн автобусанд өмд, пүүз, цамцаа өмсмөөр юм байна лээ шүү. Куала Лумпур ортол 5 цаг орчим явдаг юм байна лээ.

Хүүхдийн тоглоом өрсөн мэт өнгөлөг содон байшингууд, тэнгэр багандсан шилэн цамхагуудаараа хөгжил дэвшлээ гайхуулсан, хүний амьдралын таатай сайхан орчныг бүрдүүлж чадсан цэвэрхэн цэмцгэр Сингапур баяртай.

Бидний аялал сайхан эхэлж сайхан явагдаж байна. Хэдийгээр аяллыг адал явдалтай байх үүднээс нарийн чанд төлөвлөгөө барихгүй гэж бид шийдсэн ч гол арын ажил, ерөнхий төлөвлөгөө, маршрут болон урдчилсан байр, унааны захиалгуудыг “Аян Трэйлс” аялал жуулчлалын компани хийсэн тул бид энэ талын асуудлыг тэдэнд даатгаж, тэдний мэргэжлийн зөвлөлгөөний дагуу аялснаараа сэтгэл хангалуун байж, цаашид ч дахин дахин аялах хүсэлтэйгээр аялалаа өндөрлөж билээ.

1-р хэсэг буюу Сингапур ТӨГСӨВ

Ж.Урангоо

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn