Discovering Asia-2011 аялалын нэгээхэн хэсэг болох Хонгконг-Макао-аар аялсан аялалын тэмдэглэл

 

Discovering Asia-2011 аялалын 8 хүнтэй груп 2011 оны 11 сарын 3-нд 07:45-д MИAT компаний OM-223 нислэгээр УБ-Бээжингийн чиглэлд нисэж 09:55д Бээжингийн Capital нисэх буудалд буулаа.  Бээжингээс HongKong руу өнжөөд нэг удаа 13 цагт галт тэрэг явдаг юм байна. Мөн Бээжингээс орой бүр 20:00 цагт Шинжен рүү галт тэрэг 24 цаг явж хүрдэг бөгөөд Шинженээс метрогоор хэдхэн минут яваад л Хонгконг-д хүрнэ. Анх удаа ингэж галт тэргээр удаан аялаж байгаа болохоор сонин санагдаж байсан ч бид хөзөр тоглож элдэв сонин сайхныг ярилцаж цагийг их зугаатай өнгөрөөлөө. Харин Хятадууд өөрсдөө бэлэн гоймонгоо идээд л унтаад л тэр их цагийг их амархан өнгөрөөх юм. Хятадад бас нэг асуудалтай зүйл бол хэл нэвтрэлцэх явдал. Учир нь тэд ерөөсөө Англиар ярьдаггүй бас бид Хятад хэл мэдэхгүй болохоор жаахан хэцүү байлаа.

11 сарын 4-ны орой 20 цагт Хонгконг-д бууж хил нэвтэрлээ. Азийн орнууд руу анх удаа аялаж байгаа болохоор төсөөлснөөс хамаагүй өөр уур амьсгалтай байлаа. Бас их халуун чийглэг. Харин хил гаалийн хувьд 24 цаг ажилладаг нь их таалагдлаа. Валютын хувьд 100 USD 765 Хонгконг доллар –тай тэнцэж байна. Хонгконг-д харин хүн бүр англи хэлтэй тул хэл нэвтрэлцэх асуудалгүй байлаа. Nathan Road-ийн ”Гарден” зочид буудлын 13 давхарт байрлав. Hongkong бол хүн ам шигүү суурьшсан, жуулчдын тоогоор дэлхийд тэргүүлэх орны тоонд ордог, гадаад дотоодын түм буман хүмүүс бужигнадаг агуу том хот. Тиймээс нэгэнт энэ хот руу жуулчлахаар төлөвлөсөн бол зочид буудлаа баталгаатай захиалах хэрэгтэй.

Дорнын сувд-Хонгконг хот нь Өмнөд Хятадын далайгаар хүрээлэгдсэн бөгөөд усан тээвэр их хөгжсан газар юм. Дэлхийн эдийн засгийн төв болсон Хонгконгын бүтээн байгуулалтын талаар дурьдахгүй байхын аргагүй бөгөөд энд 7600 гаруй тэнгэр баганадсан өндөр барилга байдаг. Нөгөө эрэгт орших Макао хоттой усан тээврээр холбогдсон.

Оройдоо AVENUE OF STARS буюу Хонгконгийн үе үеийн кино урлагийн болон Hollywood-ын нэрт жүжигчид болох Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ бүхий оддын өргөн чөлөөгөөр зугааллаа. Бидний хувьд Зүүн Өмнөд Азийг танин мэдэх 21 хоногийн аялал маань дөнгөж эндээс эхэлж байгаа учраас хүн бүрт сонин сайхан санагдаж мөч бүрийг гэрэл зурагт үлдээхийг эрмэлзэж хаана юу байна бүх л зүйлийн зургийг авч байв. Хонгконгийн бас нэг алдартай зүйл бол Laser show буюу гэрлийн гайхамшигт үзүүлбэр. Сүрлэг олон цамхгуудын орой бүрээс өнгө өнгийн гэрлийн туяа дэлхийн сонгодог хөгжмийн ая эгшгийн хэмнэлээр шөнийн тэнгэрт сүлэлдэх нь гайхамшигтай.

Маргааш өглөө нь буюу 2011 оны 11 сарын 05-ны өглөө Макао руу аялалаа үргэлжлүүлэхээр гарлаа. HongKong China Terminal дээр очиж өдөр 12 цагт Макао яваад орой 22 цагт эргэж Хонгконг-д ирэх усан онгоцны билет худалдаж аваад ачаагаа буудалдаа үлдээгээд Макао руу нэг цаг усан онгоцоор аялаж хүрлээ. Macau Ferry дээр бууж тэндээсээ 1800 hkd буюу нэг хүний ойролцоогоор 40,000 төгрөгөөр нэг өдрийн city tour худалдаж авлаа. Макаогийн мөнгөн дэвсгэртийг PATACA гэдэг. HKD –тай харьцуулбал 0,3-ийн зөрүүтэй юм. City tour-ийн эхний зогсоол нь Fisherman’s wharf гэдэг газар байв. Энэхүү цогцолбор нь өрнө дорнын хэв загвар бүхий  байшин барилгуудаас гадна олон төрлийн сонирхолтой газруудыг багтааснаараа дэлхийн олон орны жуулчдын очих дуртай газар болсон байна. Тэнд цаг хэртэй зугаалж зураг хөрөг аваад дэлхийн хамгийн өндөр 10 цамхгийн тоонд багтах Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн 338м өндөр Макао-гийн хамгийн өндөр цамхаг болох Macau Tower руу явлаа.

Дараагийн зогсоол нь Christ-ийн жижиг сүм бүхий уулын орой дээр гарч Макаог бүхэлд нь тольдон харж гайхан биширч байлаа. Гэрэл зураг авахад тохирсон үнэхээр үзэсгэлэнтэй газар учраас энд хуримаа хийж байгаа хосууд их ирж зургаа авахуулдаг юм байна. Далай дээр гүүр болон бусад байгууламжийг төрөл бүрээр барьсан нь үнэхээр бахархууштай санагдаж байлаа.

Аялалын дараагийн зогсоол Ruin of Saint Paul гэдэг 1600гаад оны үед баригдаж сүүлд шатаж зөвхөн нүүрэн хэсэг нь үлдсэн сүм байв.

Өмнө нь Португалийн колони байсны нөлөө болов уу гэмээр хот байгуулалт нь баруунлаг стилтэй, жуулчдын хөлд дарагдсан үзэсгэлэнтэй газар юм. Мөн тэнд хамгийн их анхаарал татсан барилга бол Grand Lisboa гэдэг алтан шаргал өнгөтэй арвай ч юм шиг хэлбэртэй байшин байна. Португалийн колони байсан болохоор нийслэл Lisboa гэдэг нэрийг ашигласан бололтой. Дараагийн зогсоол нь Casa Garden & Old Protestant Cemetry гэдэг цэцэрлэгт хүрээлэн байлаа. Ахмад хүмүүс болон хүүхдүүд, гэр бүлүүд их ирж салхилдаг намуухан сайхан газар байна. Бидний энэ өдрийн аялалын сүүлийн зогсоол бол мэдээж Casino. Дорнын Las Vegas гэж нэрлэгдэх Макао-д ирсэн жуулчид casino орохгүй буцна гэж үгүй байх. Бид орой 18:00 цагт city tour-аа дуусгаад casino-гийн хотхонд очиж Venetian гэдэг жуулчдад зориулсан казинод очиж тоглолоо. Өмнө нь ийм газар орж байгаагүй болохоор эхэндээ алмайрч гайхаж байсан ч ямар ч байсан хүн бүр өөрсдийн азаа үзэж зарим нь хожигдож зарим нь хожсон шүү. Сонирхолтой л газар байна. Орой 20:00 цагт casino-оос гарж Хонгконг руугаа буцахаар Macau Ferry дээр ирлээ. Venetian casino-оос Макаогийн бүх ferry рүү үнэгүй shuttle bus явдаг үнэхээр жуулчдад үйлчилж сурсан аялал жуулчлал хөгжсөн газар юм. Нэг асуудалтай юм нь Хонгконг Макаогийн хил дээр Монголчуудыг их саатуулдаг юм байна. Манайхан болж бүтэхгүй юм бага сага хийдэг бололтой. Хонгконг-д эргэж ирээд захиалгат ресторанд оройн хоолоо идэнгээ энэ өдрийн сонин сайхныг ярилцаж хэсэг суугаад буудалдаа орж амарцгаалаа. Маргааш өглөө нь 11 сарын 06-нд өглөө 9 цагт босоод Guanju руу аялалаа үргэлжлүүлэхээр Tsim Sha Tsui гэдэг буудлаас метронд сууж Hun Hom буудал дээр ирж тэндээсээ нэг хүний 190hkd –аар 12:14 цагт Guangzhou явах тасалбар авч бидний Зүүн Өмнөд Азийг танин мэдэх аялал маань Хятадын худалдааны том хот болох Guangzhou руу үргэлжлэв.

Камбожийн вант улсаар аяласан аялалын тэмдэглэл

Discovering Asia-2011 Зүүн Өмнөд Азийн орнуудаар аяласан аялалын маань хамгийн оргил цэгүүдийн нэг нь яалт ч үгүй Камбожийн Вант Улс байсан юм.

Вьетнам улсыг хөндлөн гулд туулсны дараа хуучин нийслэл болох Saigon буюу Ho Chi Ming хотоос Камбожийн Вант Улс руу нэг хүний 12$-ын үнэтэй Mekong Express Air Bus хэмээх тухтай бас дотроо 00-той автобусаар 7 цаг хэртэй аялаж зорьсон газар болох нийслэл Pnom Penh-д ирлээ. Хо Ши Мин, Пном Пен 2 хотын хооронд 240км зайтай бөгөөд Вьетнамын Mac Bai гэдэг хилийн постыг нэвтэрнэ. Бидний үйлчлүүлсэн Mekong Express Air Bus нь хүссэн зорчигчдод виз авч өгч үйлчилдэг. Гэхдээ өөрсдөө авснаас 5$-ын нэмэгдэлтэй бөгөөд 30$. Өөрсдөө виз авах тийм ч хэцүү биш, 8 хүний виз авахад бид ердөө 20минут л хүлээсэн. Камбожийн хил нэвтрээд удалгүй бид нэгэн зам зуурын хоолны газар зогсож Камбож хоолны амтыг анх мэдрэв. Камбожийн мөнгөн тэмдэгтийг Риэ гэдэг бөгөөд 100 USD ойролцоогоор 400,000 Риэ-тай тэнцэнэ.

Камбожийн нийслэл Пном Пен хотын төвд буугаад түг-түг хэмээх 4 хүний суудалтай тэргэнд суугаад өөрсдийн захиалгат ASIA зочид буудалдаа ирлээ. Өрөөгөө хүлээн авч байрлаад орой нь бид Big Market буюу худалдааны төв рүү shopping хийхээр явлаа. Энэ улсад мөнгөн эдлэл хямд байдгийг сонссон учраас бид мөнгөн бугуйвч гоёл сонирхож авцгаалаа. Үнэхээр хямд юм. 9,25 сорьцтой 2 том мөнгөн бугуйвчийг 20$-аар худалдаж авав. Гэхдээ жинхэнэ хуурамчийг ялгахын аргагүй бөгөөд мэдэлгүй авсан зарим хуурамч эдлэл аялал дуусаагүй байхад зэс нь цухуйгаад гарчихлаа. Оройн хоолны дараа шөнийн зах хайсан боловч олдсонгүй. Шөнийн Пном пенээр зугаалж байгаад буудалдаа ирж амарлаа.

Маргааш нь өглөөний цайны дараа Камбож улсын бахархал болсон Royal palace буюу Хааны ордонг үзэж сонирхохоор гарав. Орох тасалбар нь 6,25$ бөгөөд өвдөг ил гарсан богино өмд, мөр ил гарсан майк гэх мэт задгай хувцастай орохыг хориглодог юм байна. Гэхдээ энэ халуун газар битүү хувцастай явна гэдэг хэцүү учир ихэнх хүмүүс задгай хувцастай очсон ч тасалбар авах цэгийн хажууд урт нимгэн өмд түрээслэдэг. Харин барьцаанд нь 100$ үлдээх ёстой. Азийн бусад орнуудаар явж байхад ч мөн ийм зүйл элбэг тохиолдоно. Тиймээс жуулчдад анхаарууштай зүйл нь сүм хийд, түүхэн дурсгалт газруудад очихдоо хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй.

Royal Palace-Аргагүй л энэ орны бахархал болсон сүрлэг сайхан ордон байна. Өдгөө амьдардаг хааны ордон нь тусдаа харуул хамгаалалттай бөгөөд бусад ордонг үзэж сонирхох боломжтой юм. Ордны архитектор, дотоод засал чимэглэл үнэхээр гайхалтай юм. Хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь гол ордны хойморт орших алтан сэнтий бөгөөд энгийн хүн суух нь бүү хэл энэ улсын үе үеийн хаадууд хүртэл хаан ширээг залгамжлахдаа ганц удаа суудаг өвөрмөц сэнтий юм.

Энэ ордны гадаад дотоод чимэглэл, архитектор зэрэгт Камбожийн ВантУлсын соёлыг их тусгасан байх бөгөөд өнөөгийн байрилга байгууламж, ордны архитектор нь эртний Кхмерийн эзэнт гүрний үетэй холбоотой юм. 9-15-р зууны үе болон Кхмерийн эзэнт гүрний үед Камбожийн вант улсын барилгын соёлыг илэрхийлэх хэд хэдэн шашны байгууламжууд баригдсан хэдий ч өнөө хүртэл хэв загвараа хадгалж ирсэн архитекторын соёл нь Анкорын үед тодорхойлогдсон гэж үздэг. Шашны хувьд хүн амын ихэнх нь кхмерийн гаралтай буддын шашинтнууд боловч лалын шашинт чам угсаатнууд олон тоотой байдаг.

Энэ ордонд Хааны ордонд зочилсны дараа зочид буудлаасаа ачаагаа аваад Сиам риап хэмээх хот руу автобусаар 6 цаг аялаж хүрлээ. Автобусны зогсоолоос мөн л өнөөх түг-түг тэргээр дараагийн цэгт ойрхон Earth walkers гэдэг зочид буудлыг сонгож очлоо.

Энэ бол бидний аялалын хамгийн халуун цэг байсан юм. Учир нь энд UNESCO-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн эртний орхигдсон хот болох Анкор Ват хэмээх том цогцолбор бий. Магадгүй хүмүүс холливүүдийн нэрт жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Tomb Rider” гэдэг киноноос мэдэх байх.

Үүрийн 4:30 цагт зочид буудлаасаа гарч аялалын явцад байнга үйлчлүүлж байсан түк-түк тэргэндээ суугаад бидний байрласан зочид буудлаас 8 км-т орших Анкор Ват руу чиглэн явлаа. 05:00 цагт зорьсон газраа очиход тоо томшгүй олон жуулчид аль хэдийнэ ирсэн байв. Орох тасалбар авах цэг бүр дээр жижиг камер байх бөгөөд хоромхон зуур таны цээж зурагтай тасалбарыг өгөх болно. Тэртээ 9-р зууны үед яаж энэ бүхнийг бүтээн байгуулсан юм болоо гэмээр энэ агуу хотыг үзэхэд нэг хоёр өдөр хангайлттай биш. Бүх байгууламжийг үзэж сонирхох 7 хоногийн ч аялал байх юм. Харин бид тэр өдөртөө үргэлжлээд өөр хөтөлбөртэй байсан тул яалт ч үгүй нэг өдрийн аялалыг сонголоо. Энэ нь 20$.

Анкор Ват   - Энэ нь Анкорчуудын соёл иргэншлийн өлгий нутаг МЭ IX зуунаас XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кахмерийн Эзэнт Улсын төв юм. 2007 онд Анкор Ватад ирсэн гадаадын жуулчдын тоо 4 сая гаруйд хүрсэн байдаг.

Анкор Ват-ын төв хаалгаар жуулчдын цуваа тасралтгүй хөвж тэд өөрсдийн зураг авах тохиромжтой байрлалд зогсож нар мандахыг хүлээнэ. 06 цагийн үед нар манадахад хаа нэгтэйгээс бөмбөрийн дуу нижигнэж Анкор Ват-д нар мандсаныг зарлана. Ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн Ангкор Ват цогцолбор сүм нь дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд Кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг.

Байгууламжуудын чулуун ханан дээр Кхмерийн эзэнт гүрний түүх соёл, шашин шүтлэгийг илэрхийлэн сийлсэн чимэглэлүүд үнэхээр агуу юм. Энэ сүрлэг хотын ойролцоо орших Күлэн уулнаас элсэн чулууг зөөж байгуулсан гэх бөгөөд Египетийн пирамидыг байгуулахад орсон 5 сая тонн чулуунаас хэд дахин их чулуу ашиглагдсан гэдэг. Хүний гараар бүтээгдсэн хамгийн агуу зүйл гэвэл энэ л байдаг байх. Тиймээс ч хүн төрөлхтний амьдралдаа үзэх 50 газрын тоонд ордог.

Бидний үзэж баяссан бас нэгэн зүйл бол ширэнгэн ойн амьтад болох сармагчин заан байв. Хэрэв хүсвэл нэг цагийн 20$-р заан унах боломжтой. Харин сармагчингууд их дүрсгүй тэр ч бүү хэл жуулчдаас жимс нэхэж байгаад аваад идчихнэ. Ээмэг зүүлт мэтийн үнэт эдлэлийг шүүрээд зугтаах тохиолдол ч элбэг гэсэн.

Төв байгууламжийг үзэж сонирхож, гайхан биширч, зураг хөргөө авахуулж дуусаад дараагийн зочилсон газар бол Bayon Temple байв. Энэ нь Ангкор Ватаас хойш хэдхэн км-т орших Ангкор Томын төвд байрладаг бөгөөд 12-р зууны сүүл, 13-р зууны эхэнд Ангкорт баригдсан хамгийн сүүлчийн цогцолбор сүм юм. Сүмийн чулуун ханан дээрх чимэглэлүүд нь эртний Ангкорчуудын түүхэн баярууд болон өдөр тутмын амьдралын хэв маягийг дүрсэлжээ. Харин 43м өндөрт сүндэрлэх гол цамхгуудын тал бүр дээр Бурхан Багшийн дүрийг сийлсэн нь сонирхолтой байлаа. Ингээд бид цаг хугацаа, дараагийн хөтөлбөртөө баригдаж яах аргагүй эргэн эргэн хоргодсоор Ангкор Ватыг орхилоо...

Аяллын тэмдэглэлийг Б.Мөнхтогтох

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn