Энэтхэг орноор аялсан минь

 

Энэ удаад дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй манай баг 2012.02.16-д Чингис хаан нисэх буудлаас хөөрч Бээжинд түр саатаад Эйр чайна компаний 580 хүний суудалтай том онгоцоор хөөрч шөнө дөлөөр Энэтхэг улсын нийслэл Дели хотын Индира Гандийн нэрэмжит нисэх буудалд буулаа. Энэтхэг улс нь Монголчууд биднийг даруй 400 дахин нугалсан буюу 1 тэрбум 200 сая хүн амтай өнөр өтгөн улс юм. Үндсэн хуулиндаа 7 шашин,18 хэлийг хүлээн зөвшөөрч тунхагласан. Энэтхэгийн ард түмэн олон арван үндэстэн ястантай, өөр хоорондоо 200 орчим хэлээр ярих бөгөөд бүх л арьстны төлөөлөл бий гэлцдэг юм байна лээ. Төрийн хэл нь хинди, албан ёсны хэл нь англи хэл байдаг юм байна.

Зорчигчдийг тосох танхимын шал нь нилдээ битүү хивс, тэгээд ямар ч зүйдэл залгаагүй үйлдвэрлэгдсэн нь сонирхол татаж байлаа. Нисэх буудлаас гарахад биднийг утаа манантай, чийглэг хүйтэн агаар угтaв. Дели хот нь ой модон дотор нуугдсан үл мэдэгдэх ертөнц мэт санагдаж байлаа. Машины цонхоор ямар газар ирснээ мэдэх гэж хичээнгүйлэн харж явсан боловч манан дундаас юу ч олж харж чадахгүй байв.

          india1   india2

Бид явсаар Энэтхэгнийн томоохон эмнэлэгийн нэг Аполлагийн ойролцоох Крис Резиденс хэмээх жижигхэн буудалд буулаа. Буудлын ажилчид нь гэж их эелдэг найрсаг хүмүүс угтах бөгөөд гайхалтай нь энэ зочид буудалд нэг ч эмэгтэй ажилтан олж харсангүй. Бидний танил оюутан охины хэлснээр энд эмэгтэйчүүд нь барилга дээр ажиллах юмуу аль эсхүл гэртээ хүүхэд гаргаад суудаг гэв. Эндхийн ажилчид маш бага цалинтай гэсэн. Буудал маань тэрүүхэн тэндээ их цэвэрхэн гаднаа том цэцэрлэгт хүрээлэнтэй, орой салхилахад их тохиромжтой намуухан сайхан газар байлаа. Ер нь Дели хот их олон том цэцэрлэгт хүрээлэнтэй юм байна.

Надад болон цуг яваа найзуудад маань халуун ногоо ихтэй Энэтхэг хоол идэж чадахааргүй санагдсан. Халуун ногоогүй гэж хэлээд байхад л халуун ногоотой хоол ороод ирнэ. Энэтхэгийн ихэнхи хоол нь олон төрлийн халуун ногоо ашигласан байдаг. Айл өрх бүрийн гал тогоо нь тэдний хоол хийх арга техник, орцоороо ялгаддаг. Өдөр тутам хооллохдоо 2-3 төрлийн хоол хүнсэндээ хэрэглэдэг юм байна.Чатни, дали эсвэл будаа роти/ гамбир / дессерт г.м. Ихэнхдээ өөрсөө бол ширмэн дээр хайрсан бингээ улаан өнгөтэй халуун ногоотой соусандаа дүрээд л гараараа бариад идчих юм. Энэтхэгийн хүн амын 70% нь цагаан хоолтон боловч  дэлгүүрүүдэд нь үхэр, хонь, ямаа, тахиа, гахайны мах элбэг байдаг. Хүнсний ногоонууд нь их амтлаг болц сайтай олон төрлийн сорттой. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд ногоон өнгөтэй жижигхэн будаа маягийн амтлагч хийдэг юм байналээ. Энэ амтлагчын амт нь талх, бяслаг, гурилан бүтээгдэхүүнд тэр битгий хэл шүдний оонд нь хүртэл байдаг. Бас нэг сонирхол татсан зүйл нь эндхийн бүх бараа таваар, хүнсний бүтээгдэхүүн нь улсаас тогтоосон үнэтэй. Тухайн бараан дээрээ үнэ шивсэн кодтой бөгөөд худалдаачид тэр үнэн дээр ямар нэгэн хэмжээгээр үнэ нэмж зарах боломжгүй юм.

Бидний хувьд зочид буудал маань жижигхэн гал тогоотой тэндээ өөрсдөө хүссэн хоолоо хийж идэж байдаа. Гадуур хооллох тохиолдолд түргэн хоолны сүлжээ ресторан KFC, Mc’ds орж өдрийн хоол иддэг байв. Мөн Монголоос авч явсан борцтой шөл, жигнэсэн махаараа хоол хийж идэх ч амттай байлаа.

          india3   india4

Дели хотын зам нь маш сайн, буруу гарын дүрэмтэй харин гэрлэн дохио цөөн. Замаар сүлжилдэн зорчих тээврийн хэрэгслүүдэд нь толь байхгүй, байгаа нэг нь толио хумьчихсан байх юм. Шаардлагатай тохиолдолд жолооч нар цонхоороо гараа гаргаад дохио өгөхөд л болно. Том машинуудаа өнгө өнгийн будгаар будаж, янз бүрийн чимэг зүүлт, цацаг зүүж гангалдаг юм байна лээ. Энэтхэгийн авто машин үйлдвэрлэгч гол үйлдвэр нь Тата хэмээх алдартай үйлдвэр. Гудамжаар явж буй ихэнх тээврийн хэрэгсэл Тата-ийнх байдаг. Улаанбаатар хотын гудамжаар гялалзан сүлжилдэх Япон, Солонгосын үнэтэй машинууд энд тун цөөн харагдана. Учир нь импортоор орж ирж байгаа машины татвар нь их өндөр, тухайн машиныг авсан үнийн дайтай төлбөр буюу 100 хувийн татвар төлдөг. Эндхийн машинуудын ихэнх нь газан хийгээр ажилладаг. Нийтийн тээвэрт нь гоё ганган автобусаас гадна хогон дээр хаях дөхсөн зэвэрсэн өнгө зүстэй машин ч явж байгаа харагдана. Ямар ч кабингүй машин ч яваатай тааралдаж байлаа. 

Бидний хотоор аялахад тусалсан ганц унаа бол Азийн орнуудад Түк Түк гэж нэрлэдэг Рэгша хэмээх 3 дугуйтай бүхээгтэй машин байлаа. Давуу тал нь зураг авахад амар хялбар, бас аялж байгаа бидэнд мөнгөө хэмнэхэд тустай үнэ хямд унаа байсан. Замд яваа машин тэргийг харвал мөргөлдөж шүргэлцээгүй машин бараг байхгүй. Жижигхэн шүргэлцэх зэрэгт нөгөөх жолоочтойгоо эв найртай ярилцаад зам замаа хөөцгөөх юм.

Мөн амьтдад их хайртай ард түмэн юм. Яс нь арьсаа цоолоод гараад ирэх вий гэмээр хэрзийсэн том ястай бөгтөртэй цагаан үхэр гудамжаараа чөлөөтэй алхална. Мөн тэднийгээ усаар угааж байгаа харагдана. Ямааныхаа хөлд хүртэл гоёмсог бугуйвч зүүсэн байх. Гоёмсог дүүхэлзсэн араб морьдийг тэргэнд хөллөж хурим найр, баяр цэнгэлд ашиглаж байгааг харж болно.

india_43 сарын эхээр Холли хэмээх будгийн баяр болдог юм байна. Энэ өдөр нэг нэгэндээ баяр хүргэж өнгө өнгийн будгаар бие биеэ шүршиж баярладаг уламжлалтай. Тэд их шашинлаг ард түмэн юм. Олон шашны урсгал чиглэлүүд дандаа энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаагүй аж. Үндсэн шашин болох Хинди, Лалын шашинтангууд үеийн үед шөргөөцөлдсөөр ирсэн. Өнөө үед ч зарим нэг бөглүү суурин тосгонд шашны балар зан үйл байсаар байгаа юм байна.

Хэдийгээр Энэтхэг улс нь Буддын шашин үүсэн бий болсон өлгий нутаг боловч өнөөдөр цөөн хувь нь л Буддын шашин шүтэж байна. Харин буддын шашны хамгийн чухал газрууд болох бурхан багшийн мэндэлсэн, номын хүрд эргүүлсэн, гэгээрсэн газрууд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр оршдог. Үүгээр ч зогсохгүй буддын шашины түүхийн дурсгалт газрууд олон бий. Буддын шашны тэргүүн дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш Данзанжамц Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Дармасала хотод суудаг. Энэтхэгийн засгийн газар Далай лам болон төвдүүдэд буддын шашны төв болох хийд, хороолол барихад зориулсан газрыг олгожээ. Үүний нэг болох Дели хотод орших Төвдийн хороололоор цагаан сарын шинийн нэгний өглөө бид уламжлалт баяраа тэмдэглэхээр очсон боловч харамсалтай нь тэнд ямар ч баяр болж байгаа шинж байсангүй. Учир нь Энэтхэгийн засгийн газраас төвдүүдийг цагаан сараа сүр бадруулалгүй тэмдэглээрэй гэж хүсэлт гаргасан гэж сонслоо. Төвд хорооллын гудамжинд гуйланч үгээгүй хүмүүс сууцгааж, шөнө нөмөрч хоносон тааран дээрээ аяга саваа тавьж эцэнхий гараа сарвайлган хажуугаар өнгөрөх хүн бүрээс гуйлга гуйж байлаа. Хийдийн дэргэд хэдэн мянган зул асааж Зулын гол болсон лам хуврагуудынхаа төлөө залбиран сууж байгаа төвд эмэгтэйчүүдийн гунигтай царай, бурханы ном уншиж байгаа хэдэн лам нарыг хараад дотороо бурхан энэ хүмүүст эх орон, газар шороо, эрх чөлөөг нь олгоосой гэж залбирч явлаа.

Мөн Исламын шашинтай хүмүүс нь өглөөний 06 цагаас эхлэн тодорхой цаг тутамд хот даяараа юу ч хийж байсан хамаагүй хийж буй ажлаа орхин уншлагаа уншиж залбирдаг нь сонин санагдсан. Олон шашин нэгэн зэрэг оршин тогтнодог болоод тэр үү Энэтхэгт бослого үймээн халдлага их гардаг болохоор хаа сайгүй бүрэн зэвсэглэсэн буутай цэргүүд алхам тутамд таарна. Дэлгүүр хоршоо үзвэр үйлчилгээний газрууд эмнэлэг ер нь хаашаа л орно дандаа шалгуулж орно. Захын нэг интернэт орох, мөнгө солиулахад заавал паспортоо шалгуулж бүртгүүлж байж үйлчилгээ авдаг. 

india_3

Номт 3 улсын нэгд зүй ёсоор тооцогддог энэ ариун дагшин бурхны орны нийслэл Дели хотыг өнгөц хараад дүгнэхэд ерөнхийдөө хог ихтэй бохир заваан байдалтай бөгөөд өндөр сайхан барилга ховор ихэнхдээ намхан барилгуудтай. Ихэнх байшингуудын дээд талд залгуулан шавраар оромж барьсан харагдана. Гудамж дагуу өрнөх борчуудын амьдрал нүдэнд ил тод харагдах бөгөөд замын дунд уйгагүй нугарах жаахан охин гэрлэн дохио анивчих төдийд амь дүйсэн үзүүлбэр үзүүлж хөлс нэхэж алгаа тосох,өөрөө хүүхэд байж өөдсөн хүүхдээ тэвэрсэн охин анхилам үнэртэй цэцгийн баглаа, самарыг хэд гурван рупигээр жуулчдад зарж яваа үзэгдэл байнга таарна. Энэтхэг хүүхдүүд тэр тусмаа гуйлгачин охидын нүд үнэхээр өрөвдмөөр. Энд эмэгтэй хүнийг дорд үздэг үзэл ёс заншил одоог болтол хадгалагдаж үлдсэн гэнэ. Тухайн хүн ямар кастад төрнө тэр чигээрээ үе удмаараа тэр чигээрээ явна гэсэн үг. Жишээ нь, баян айлд төрсөн бол үе удмаараа баян тарган амьдрах, ядуу айлд төрсөн бол үе удмаараа ядуу зүдүү гуйланчлан амьдрах ёстой юм гэнэ. Хамгийн аймшигтай нь энэ заншлаа бүгд хүлээн зөвшөөрч амьдарч байгаад оршиж байгаа юм. Дели хотын гудамжинд архи ууж согтуурсан, тамхи татсан хүн ерөөсөө харсангүй.

Баян ядуугийн ялгаа илт харагдсан энэ улсын хөгжил нэлээн хоцрогдонгуй яваа юмуу даа гэх сэтгэгдэл анх төрж байсан боловч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт эрс өсөн нэмэгдэж, зам дагуу баригдаж байгаа барилга байшинг хараад энэ бодол маань өөрчлөгдсөн юм. Одоо бол маш их бүтээн байгуулалт хийж зам гүүр олноор тавигдаж байгаа нь харагдсан.

Үндэстэн ястанаасаа шалтгаалаад ерөнхийдөө эрчүүд нь өндөр, хар бор царайтай хүмүүс санагдсан. Энэтхэгүүд нь европ хувцас өмсөхөөс гадна ихэнх нь үндэсний хувцасаа өмсөж хэрэглэдэг юм байна. Эмэгтэйчүүд нь саари, салвар, камийз, курта. Эрэгтэйчүүд нь доти, лунги, курта өмсдөг байна.Энэ нь манайхны унтлагийн хувцастай төстэй.  Энэтхэгчүүд хэдий халуун орны хүмүүс боловч бие барьсан хэт богино хувцасыг өмсдөггүй юм байна. Ихэвчлэн өвдөгнөөс доогуур урттай юбка,өмд,урт ханцуйтай цамц өмсдөг. Тэдний үндэсний хувцас нь цэвэр хөвөн даавуугаар хийгдсэн нимгэн хөнгөн байдаг тул биед маш эвтэйхэн, халуун бүсийн уур амьсгалд зохицсон байдаг байна. Ер нь энэтхэг хүмүүс эр эмгүй гоёж гангалах дуртай ард түмэн гэдэг нь илт мэдэгдэж байсан. Хэдий ядуу зүдүү ч гэсэн хөл гарынхаа бүх хуруунууд, хамартаа гоёмсог ээмэг зүүлт зүүсэн харагдана. Мөн эрчүүд нь хоёр хоёроороо гараа хөтлөлцөж явах үзэгдэл элбэг таарна.

Бум бужигнаж, түм түжигнэсэн Дели хотод олны хөл үл тасрах Big market, central market, khan market, russa market, silknii Үashvant гэх мэт олон тооны том захуудтай.  Бараа таваар нь үнэ хямд,чанар сайтай. Алт,мөнгө,эрдэнийн чулуун эдлэл, булган болон арьсан шуба хямд үнэтэй. Тиймээс ч бусад орнуудаас энэ улсын экспортын барааг сонирхож очдог жуулчид их байдаг. Охид бүсгүйчүүддээ хэлэхэд, 2,3 сар нь хямдралын сар учраас бүх бараа 50-90% хямдардаг. Энэтхэгт дэлхийд алдартай бүх брэндийн үйлдвэрүүд, дэлгүүрүүд байдаг. Тэд ч бас энэ хямдралын сараар зад хямдардаг юм байна лээ шүү.

Энэтхэг орон гэхээр хэн бүхний санаанд хамгийн түрүүнд мэдээж Таж махал гэдэг үг орох байх. Мэдээж энэ агуу оронд дэлхийд алдартай түүх дурсгалын газрууд олонтой. Бидэнд, дэлхийн хамгийн өндөр элсэн чулуун цамхаг Кутаб Минар, олон шашины сүм гэгдэх Лотус темпл, нэр үл мэдэгдэх цэргийн дурсгалд зориулсан Индиа гейт, хинду шашинтнуудын шүтээний цогцолбор гэгдэх Агшардам, түүнчлэн дэлхийн долоон гайхамшгийн нэгд орох алдарт Таж Махал-ыг үзэх завшаан тохиолдсон юм. Түүнийг хэрхэн бүтээсэн,урлаж чимэглэснийг үгээр хэлэхийн аргагүй байлаа.Үнэхээр л энэ олон хүнтэй Энэтхэгийн ард түмэн хийх бүтээн байгуулалт юм байна гэж бодож, үзэж, баярлаж явлаа. Ингээд гайхамшигт Таж Махалын талаар та бүхэндээ хүргэе.

          india5   india6

Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд/ Хайрын бунхан /их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Шах Жахан 22настай, Мумтаз Махал 20 настайдаа гэр бүл болж 14 хүүхэд төрүүлсэн байна. 1631 онд буюу 38 насандаа хатан нь 14 дэх хүүхэдээ төрүүлж өгөөд цус багадах өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.Хатан өөд болохоосоо өмнө надад зориулж сайхан бунхан бариулж өгөөрэй хэмээжээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг. Ингээд архитектурын ажил 1632 онд энэтхэгийн хойд хэсгийн Ямуна голыг эрэг дээр эхэлжээ.Бунханы гол материал нь цагаан гантиг чулуу бөгөөд доторх чимэглэлүүд нь олон янзын эрдэнийн чулуунуудыг хана,туурга, таазан дээр шигтгэж өгснөөс гадна жижиг хэсгүүдэд уран нарийн сийлбэр оруулсан байна. Дан ганц бунханаас гадна Ислам шашины мөргөлийн сүм байгуулсан байна. Энэ сүмд нь тухайн үеийн хаад ноёд ирж өдөрөөр амарч залбирч байгаад буцдаг байна. Ийнхүү нийтдээ энэ бүхнийг байгуулахын тулд 21 жил / 1632-1653 он /зарцуулсан бөгөөд 20,000 ажилчин, 1000 зааны хүч хөдөлмөрөөр уг гайхамшигт байгууламж бүтжээ. Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр уран дархчуудын гарыг тас цавчсан гэх домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторчын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм байна. Сүүлд газар хөдлөлтөөс тус байгууламжийг хамгаалахийн тулд Таж Махалыг тойруулан 4 том гантиг чулуун багана, 72 худаг гаргасан байна. Таж Махалыг 1983 онд ЮНЕСКО –ын дэлхийн өвд бүртгэсэн байна.

 

Тэмдэглэл хөтөлсөн:   Г.Эрдэнэжаргал                                 Дели хот     2012.03.15

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn