Вьетнам орноор аялсан тэмдэглэл

 

Найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2011 оны 11 сарын 3-ны өглөө Улаанбаатараас 7 цаг 30 минутанд онгоцоор Бээжин рүү ниссэнээр Зүүн Өмнөд Азиар аялах аялал маань эхэлж билээ. Энэ удаа Вьетнам улсын хойд хилээс өмнөд хилээр гартлаа аялсан таван өдрийн аяллын тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцъя.

Ханой хот. Бээжин – Гонконг – Макао – Гуан Жоу – Наннинг гэсэн маршрутаар хөгжилтэй, сургамжтай, адал явдлаар дүүрэн 5 өдрийг өнгөрөөсний эцэст 8-ны өглөө 5 цаг 30 минутанд Вьетнамын Ханой хотод галт тэргээр хүрэлцэн ирлээ. Вьетнам улсын хилээр орж ирэхэд шууд л социализм гэдэг ийм л байсан байх даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Яагаад гэвэл хилийн шалган нэвтрүүлэх дээр паспортоо авах гээд хүлээж байхад байшин доторх тавилга нь оросын хуучирсан мебель шиг, ханандаа их удирдагч Хо Ши Мин-ий хөрөг зургийг хазгайдуухан хадсан байх бөгөөд намгийн ногоон өнгөтэй дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн муухай хараад чимээгүй бай гэж дохин нэг л хүйт оргисон эвгүй байснаас үүдэж ингэж санагдсан билээ.

vietnam1

За тэгээд Ханой хотын захын өртөөн дээр бид хэд буулаа. Дөнгөж үүр цайх гэж байхад л тэр хавийн иргэд аль хэдийнэ ажилдаа орсон байсандаа. Энд тэндгүй хоол унд зарсан хүмүүс. Таксинууд эгнэж зогсоод жолооч нь биднийг хаа хүрэхэв гэж англиар асуух юм. Бид ч хоёр таксинд хуваагдаж суугаад урьдчилан захиалсан хуучин Ханой хотод орших “Indochina hotel II” зочид буудал руу явлаа. Тэндээ усанд орж өглөөний цай уугаад Халон Бэй/Halong Bay/ буюу Луу далайд унасан газар хэмээх UNESCO-д бүртгэлтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар руу автобусаар 3 цаг явлаа. Автобусны цонхоор харж явахад замын хажуугаар эгнэсэн байшингууд байх ба тэдгээрийг урдаас нь харахад нарийхан атлаа хойш нь сунгаж барьсан нь их сонин санагдлаа. Тэр байшингуудыг нүүрэн талаас нь маш гоё чимэглэсэн байх боловч хажуу тал нь шар шавраараа байх ба будах ч шаардлагагүй юм байна. Учир нь яг хажууд нь залгаад өөр байшин баригдах учраас тэр. Ер нь тэдэнд ийм л хэмжээний газар олгодог бололтой юм.014

Вьетнамчууд хувийн бизнесийг төвөггүйхэн хийх юмаа. Юу гэвэл, байшингийнхаа нэг давхартаа цайны газар, дэлгүүр, засварын газар ч юмуу ямар нэгэн үйлчилгээ эрхлэх бөгөөд 2 давхарт нь өөрсдөө амьдарчихна. Жишээ нь гаднаа гэр бүлээрээ тойрч суугаад өглөөнийхөө цайг ууж суутал үйлчлүүлэгч ирвэл өөрсдийн хоолноосоо хийж өгөөд л хэдэн цаас олчихно. Тун энгийн бөгөөд бусад хүмүүс ч үүнийг нэг их тоохгүй юм. Манайхан бол тохь тухаас авахуулаад стандарт ч гэх юмуу хэтэрхий сүржин юм ярих байх л даа.

Ажиглаад байхад Вьетнамчууд их даруухан, сайхан ааштай, тайван, дөлгөөхөн хүмүүс юмаа. Хүүхнүүд нь жижигхэн биетэй хирнээ царайлаг. Эмэгтэйчүүдийнх нь үндэсний хувцас их гоё, эмэгтэй хүний биеийн гоо сайхныг тодотгож өгсөн загвартай байх юм.

Бид 1 цаг хиртэй яваад нэгэн газар зогссон нь жуулчдад зориулсан гар урлалын бүтээгдэхүүн зардаг газар байлаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгуулагдсан боловуу гэж бодогдсон. Гадна талд нь арслан, луу, шувуу зэрэг янз бүрийн чулуун баримал өрсөн байх ба дотор нь эхний тасалгаанд эгнэсэн ширээнүүд дээр хүмүүс цагаан даавуун дээр хатгамал хатгаж суух ажээ. Тэдний эргэн тойрны лангуунууд дээр жаазтай жаазгүй янз бүрийн зураг бүхий хатгамлууд өрөөстэй байлаа. Хоёрдахь тасалгаанд гараар хийсэн торгон халаад, даашинз, хантааз болон Вьетнам үндэсний дээл, 3 дахь тасалгаанд мөн л гараар хийсэн чулуун эдлэл, ээмэг зүүлт, модон эдлэл зэргийг зардаг юм байна. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг жуулчдад бодитоор харуулж тодорхой хэмжээгээр үнэлэн борлуулж тэдний амьжиргааг бодлоготойгоор дэмжиж байгаа нь маш энгийн бөгөөд зөв зүйтэй санагдаж байсан шүү. Нүдэн дээр ур ухаанаа гарган урлаж байгаа хүмүүсийн бүтээлийг худалдаж авахгүй байхын аргагүй юм байна лээ. Хүн бүр тэндээс өөрт таалагдсан зүйлсээ худалдаж аваад сүүлийн тасалгаанд орж тооцоогоо хийгээд гардаг юм байна.

Тэндээс гарч автобусандаа суугаад аялалаа цааш үргэлжлүүлэн дахин цаг хагас яваад Halong Bay/Халон Бэй/-д очлоо.

020

Халон Бэй – Дэлхийн өвд 1994 онд бүртгэгдсэн, далайн уснаас гэнэт ургаад гараад ирсэн мэт янз бүрийн хэлбэртэй хадан арлуудтай байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Энд 2000 гаруй ийм жижиг арал байдаг гэнэ. Далайн эрэгт хүрэлцэн ирэхэд маш олон жуулчид усан онгоцоо хүлээн зогсох бөгөөд тэр дунд улаан хүрэн хувцастай, даавуун уутны амыг нь боогоод эргүүлж харуулаад тавьчихсан юм шиг сонин малгай өмссөн лам нар бас аялахаар усан онгоцоо хүлээж байх нь содон харагдаж байлаа. Бид усан онгоцондоо суугаад далайн аялалдаа гарлаа. Эргэн тойронд маш олон усан онгоц тал тал тийшээ явж харагдана. ГАЙХАЛТАЙ, ёстой СУПЕР !!! Би усан онгоцоор далайд аялж явна гэдэгтээ итгэж ядаж байлаа. Сэтгэл нэг л сонин огшоод хөөрөөд ч байх шиг санагдаж эргэн тойрондох гайхамшгийг харалгүй өнгөрөөчихвий гэж хичээн харж явлаадаа. Манайхан бүгд л хөөрч догдлоод хүн бүрийн амнаас “ямар гоё юм бэ” гэдэг үг л гарч байсан. Далайн гаралтай өдрийн хоол идлээ. Бүгд л монгол хүн идэж болохоор сайхан амттай юм. Хоолныхоо дараа “Dalat” гэж Вьетнам дарс задлаад жүнзэнд хийж тулгаж уугаад сууж байх нь үнэхээр нь итгэмээргүй романтик сайхан санагдаж байлаа. Сэвэлзүүр салхинд үсээ задгай хийсгэн усан онгоцоор аялж явах нь үнэхээр сайхандаа... Монгол улсынхаа далбааг Халон Бэй арал дээр мандуулж байгаад зургаа татуулахад бас л бахархмаар байсан шүү. Бид явсаар нэг зогсоол дээр зогсч жижиг завинд 2 хуваагдаж суугаад ойролцоох нэгэн арал руу явлаа. Дотор талыг нь ухаад авчихсан мэт хадны доогуур завьтайгаа ороход үнсэн саарал өнгийн ханан дээр лааны тос урссан аятай янз бүрийн хэлбэр тогтсон байлаа. Дотор нь орж нэг тойроод усан онгоц руугаа буцах замд усан дээр floating fishing village гэж нэрлэх жижиг тосгон буюу усан дээр хэдэн модон байшин байх юм. Тэнд айл, сургууль мөн засаг захиргааных нь байшин бололтой дээрээ улаан туг хатгасан байшин гээд л энд газар дээрхээс дутахгүй амьдрал буцалж байгаа нь илт харагдана. Гэрийнхээ гадаа түмпэн дотор хүүхдээ усанд оруулж байгаа эмэгтэй, завин дээрээ дүүрэн жимс өрчихөөд зарж яваа бүсгүй, далайн янз бүрийн амьтдыг зарж буй залуу гээд л. Үнэхээр сонирхолтой манайхаас тэс ондоо усан дээрх амьдрал.

vietnam2

Thien Cung Grotto гэдэг арал дээр очлоо. Маш том агуйн доторх хана нь зүсэн зүйлийн хэлбэр дүрс бүхий өвөрмөц тогтоцтой байх ба Ромьео Жульетта, Христ болон Будда гэж нэрлэсэн хана байх юм. Бас хүслээ шивнээд зоос шиддэг жижиг усан оргилуур байна. Хананы наад талд нь өнгө өнгийн гэрэл асаасан нь тэдгээрйиг улам л гайхалтай харагдуулж байлаа. Гадна талд нь гар урлалын бүтээгдэхүүнүүд зардаг юм билээ. Ийнхүү 2 арал дээр очсоноор далайн аялал маань дуусч зогсоол руугаа буцлаа. Автобусандаа суугаад буцаж 3 цаг хиртэй яваад зочид буудалдаа ирлээ.

Маргааш өглөө бид Ханой хотын гудамжаар явган алхаж хотын амьдралтай хэсэг ч болов танилцлаа. Эхлээд Вьетнамын хамгийн анхны сургуулийг үзсэн.

Хо Ши Мин-ий бунханд ороход үнэгүй бөгөөд үүдний хаалган дээр гар утас, камер, зургийн аппарат болон хармаан дах зүйлсийг хурааж аваад гарахад нь буцааж өгдөг юм байна.Тэнд ямар ч зураг авч болохгүй бас ямар нэгэн чимээ гаргаж болдоггүй юм байна. Мөн эрэгтэй, эмэгтэй аль нь ч бай өвдөгнөөс дээш ил гарсан, дээгүүрээ бол цээж ил гарсан хувцастай орохыг хориглодог нь нэг ёсны тухайн зүйлээ хүндэлж дээдэлж байгаагийн илэрхийлэл ажээ. Ийм тохиолдолд цүнхэндээ нэг том нимгэн алчууртай явж байхад их хэрэг болно шүү. Бунхан дотор анир чимээгүй, хүв хүйтэн байх ба хүмүүс ямар нэгэн чимээ гаргахад хамгаалагч нь дохиураар зангаж анхааруулна. Налуулж тавьсан шилэн хоргон дотор Вьетнамын Их Удирдагчийн нүүрийг лааны тосоор янзалсан мэт гөлгөр харагдах бөгөөд ёслолын дүрэмт хувцас өмсүүлсэн байх нь сүрдмээр бас аймаар ч юм шиг. Бунхан руу ороход хураамжгүй хирнээ гарахад харин цэцэрлэгт хүрээлэнгийн төлбөр гээд хэдэн дон авдаг юм байна. Цэцэрлэгт хүрээлэнд харин хүссэн газраа зураг авч болохоос гадна жуулчдад зориулсан худалдааны цэгээс сонирхсон зүйлээ үнэ хаялцан авч болно.

Бид үдээс хойш 16:50 цагт Nha Trang хэмээх далайн эргийн наран шарлагын газар руу явахаар онгоцондоо суулаа. 3 цаг хиртэй нисээд Nha Trang-д буухад далайн бүгчим чийгтэй агаар угтаж авсандаа. Бороо ганц хоёр дусалж байснаа автобусанд суугаад явах замд нилээд ширүүн орж билээ. Зочид буудал маань цэвэрхэн сайхан атлаа хямд юм. Буудалдаа тохижиж бага зэрэг амарч аваад хажуугийн зоогийн газарт орж сайхан амттай хоол идэж шейк уугаад сууж байхад ч мөн сайхан байсан даа. Далайн эргийн шөнийн хоттой танилцахаар гудамжаар алхаж явахад замын дагууд янз бүрийн зэрэглэлийн зочид буудал, ресторан, баар, зоогийн газар байх ба тэнд жуулчид тухлан суусан харагдана. Бүгчим хирнээ чийглэг уур амьсгалтай энэхүү газарт нэг л тайван ёстой л жинхэнэ аялал жуулчлал хөгжиж буй амралтын газар, мөн хүмүүс энд л жинхэнэ утгаар нь амарч байна даа гэж бодогдсон. Ихэнхи нь европ тэр дундаа манай хойд хөрш Оросын жуулчид их байх юм. Найрамдалт хөршүүдтэйгээ хаа холын Вьетнамын далайн эрэг дээр тааралдах нь сонин бас өөрсдөөрөө бахархмаар байлаа. Монголчууд энд аялж явна гэдгийг гадны хүмүүст хэлж явах нь нэг ёсны Монгол хүн бүрийн нэр төрийн хэрэг биш гэж үү. Вьетнамчууд харьцангуй Монгол орныг мэддэг юм байна. Яагаад гэхээр адилхан социалист орон байсан учраас сайн мэддэг бололтой. Гэвч эхлээд хаанаас ирсэн бэ? Солонгос уу? Хятад уу? гэж асуугаад Монгол гэж хэлэхээр тийм тийм Монгол орон Орос, Хятад хоёр улсын дунд байдаг гээд л ярьж гарна. Тэд үнэхээр найрсаг тайван ард түмэн юмаа. Бид алхсаар шөнийн захад нь ирэхэд сувдан эдлэл, ээмэг зүүлт, усны хувцас, улавч зэрэг бараанууд элбэг байх ба харьцангуй хямдхан юм. Эмэгтэй хүмүүс л болсон хойно бүх л барааг нь сонирхож үзлээ. Харин бид усны хувцас авахаар өмсөж үзэхээр ер таарахгүй юм. Монголчууд тэднийг бодвол яс томтой биерхүү ч юмуу усны хувцаснууд нь таарахгүй байсаар арай гэж нэг таарах хувцас оллоо шүү. За тэгээд энд авах юм ч зөндөө байсандаа. Буцаж буудалдаа ирээд амрахаар хэвтэхэд цонхоор далай сүртэй давалгаалах чимээ сонсогдон чийглэг агаар урсан орж ирэх нь үнэхээр сайхан байлаа.

vietnam3

11 сарын 10-ны өглөө усан онгоцоор аялахаар буудлаасаа автобусанд суун хөдөллөө. Аялал жуулчлал эрчтэй хөгжиж буй газар гэсэндээ үйлчилгээ нь хурдан шуурхай, найдвартай ажээ. Бид 20-иод жуулчинтай нийлээд усан онгоцны аялалдаа гарлаа. Үнэхээр гайхалтай, далай гэдэг хичнээн том сүртэй юм бэ? Энэ удаагийн усан онгоцны аялал маань 4 арал дээр очих ёстой. Эхний эрэг дээр аквариум байна. Янз бүрийн төрлийн том жижиг загаснууд, дун хясаа, хорхойнууд хүртэл байх нь тун сонирхолтой байлаа.

Хоёр дахь эрэг дээр очиж далайд сэлж биеэ шарах. Анх удаа далайд сэлэх гэж байгаа тул үнэхээр их сэтгэл догдолж байлаа. Номин ногоон өнгөтэй бүлээхэн далайн усанд сэлж тоглож байгаад эргийн цагаан элсэн дээр хэвтэж биеэ шарах нь үнэхээр жаргалтай байсан шүү. Амралт гэдгийг ч жинхэнэ утгаар нь эдэлж байна даа.

Усан онгоцон дээр бусад орны жуулчидтай тойрч суугаад далайн гаралтай хоол идээд дуусахад онгоцны багийн вьетнам эрчүүд хөгжим тоглон дуулж хуурдаж жинхэнэ амьд тоглолтыг үзүүлж биднийг хөгжөөлөө. Энэ удаад эрэг дээр очсонгүй харин далайн голд зангуугаа хаян түр зогсож жуулчдыг усанд сэлэхийг хүслээ. Сэлээд тэртээд шидсэн дугуйн дээр очиж чадвал уух зүйл шар айргаар үнэгүй дайлж нэг ёсны уралдуулаад бас урамшуулж байгаа ажээ. Үнэхээр хөгжилэй сайхан байлаа. Харин сүүлийн эрэг дээр очоод чөлөөт цаг. Хүмүүс далайн эрэг дээр сандал дээр суун биеэ шарна, усанд сэлнэ, шар айраг, шимэн шейк ууж хэвтэх нь бас л гайхалтай мэдрэмж байлаа шүү дээ. Ийнхүү усан онгоцны аялал маань дууссан даа. Энд дахиад хэд хонох юмсан гэж өөрийн эрхгүй бодогдож сэтгэл хоргодон буцаж билээ.

017

Хо Ши Мин буюу Сайгон хот. Nha Trang-аас галт тэргээр 10 цаг орчим яваад өглөө Хо Ши Мин хотод ирлээ. Зочид буудалдаа очоод хэсэг амарсны дараа өдрийн хоол идэхээс өмнө бусдыгаа амарч байх хооронд ганцаараа гарч гудамжаар жоохон зугаалж орчинтойгоо танилцлаа. Эргэн тойронд бөөн жуулчид холхилдож энд тэндгүй дэлгүүр, бар, үсчин гоо сайхан болон хоолны газрууд байх ажээ. Барааных нь үнэ бас л хямд бөгөөд ер нь энд амьдарвал боломжийн л үнэ ханштай юм. Үдээс хойш нь гарч Вьетнамын Тусгаар Тогтнолын ордон орлоо. 1975 онд Сайгоны засгийн газрын дэглэм нуран унаснаас хойш өнөөг хүртэлх бүх л түүхэн үеийн гэрч болсон энэхүү ордны гадаа хашаанд тэр үед энэхүү дэглэмийг устгахад хүчин зүтгэсэн танк болон хуягт машин байдаг юм байна лээ. Хо Ши Минд ирсэн хүн бүрийн үзвэл зохих газруудын нэг мөн байлаа.

Ийнхүү Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам улсад аялсан хэзээ ч мартагдахааргүй өдрүүд маань дуусч сонирхол татсан хэвээр дахин ирэх хүсэл төрүүлэн ард хоцорч билээ.

Тэмдэглэл хөтөлсөн А.Чанцалдулам

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn