Арлын орон Тайванд хийсэн суралцах аялал

 

2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэргээр үдийн 16 цаг 30 минутад элдэв мэргэжлийн салбараас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй баг эх нутгаасаа хөдөлж, алс холын Тайван арлыг зорин аяны жолоо мушгилаа. Аялалыг минь мялайж миний ээж цагаан сүүний дээж өргөн, гараараа далласаар ард үдлээ.

Бид Замын-Үүд дээр ирлээ. Урагшлах тусам урин дулаан уур амьсгал угтана гэж бодож байсан маань эндүүрэл болж, нил цас орсон байлаа. Гадуур хүрмээ тайлж, нөхөртөө үлдээгээд явсан миний хувьд даарахын зовлонг амсах нь тэр. Галт тэрэгнээс бууж, Эрээн орох автобусанд суух хүртэл нүүр нүдгүй цасаар шуурч, хаана ирснээ ч мэдэхтэй үгүйтэй хар гүйхээрээ хурдаллаа. Автобусанд ороод арай гэж амьсгаа авч, хэдэн хүн суусан, хэд нь Хятад хүн болохыг харахаар тэмцэв. Бүгд л Монголчууд маань байлаа. Удалгүй автобус хөдөллөө.

Тасалбар авсан хүмүүс нь тасалбараа шалгуулж, аваагүй нь ороод авч болдог юм билээ. Харин дотроос авах хүмүүс нь автобусанд орохдоо биеийн байцаалтаа үлдээж, тооцоо хийдэг бололтой. Хамгийн сонин бөгөөд утгагүй нь зорчигчдод банштай цай зардаг нутгийн нэгэн эмэгтэй тасалбар шалгаж, тооцоо хийж байлаа. Автобусны жолооч тасалбар шалгуулахын тулд эмэгтэйг орохыг зөвшөөрдөг, тасалбар хурааж өгснийхөө төлөө банштай цайгаа зардаг харилцан хамааралтай. Утгагүй гэхийн учир нь нэгэн бүсгүй тасалбар авахаар мөнгөө өгсөн /нэг тасалбар 50 юань – 10 000 төг/ гэх боловч нөгөө банш зардаг хүүхэн өгөөгүй гээд бөөн маргаан дэгдлээ. Хүний нутаг руу зорьж яваа Монголчууд ингэж хоорондоо муудалцах нь онцгүй бөгөөд холын аянд яваа надад тун муухай санагдлаа. Амаа хамхиад дуугай явтал сүүлдээ бүр цагдаа сэргийлэх явах юм болов. Арай гэж учраа олж, аялал цааш үргэлжиллээ.


Цас намжиж, байдал хамаагүй дээрдлээ. Удалгүй хилээр гарахын тулд хорио цээр, эрүүл ахуй, халдвар судлалын гарах хуудас бөглөх боллоо. Энэ хуудсыг Өвөр Монголчууд шивсэн нь лав, зөв бичих дүрмийн алдаа дүүрэн. Аялгуут сайхан эх хэл минь гэж эрхэмлэж явдаг хэлний мэргэжилтний хувьд дотор эвгүйрч, хэлээ цэврээр нь хадгалж үлдэхсэн гэдэг бодол улам эрчлэв. Түүнчлэн “Энэ хуудсыг үнэн зөв таглах” гэсэн нь бөглөх гэсэн үг аж. Хуудсаа хураалгалаа. БНХАУ-ын хил рүү орж ирлээ. Дээшээ босч болохгүй, өндөлзөж болохгүй шүү гэж жолооч анхаарууллаа. Хүний нутагт, ёсыг нь дагахаас өөр яах вэ.


Ер нь ганцаараа юм уу, их ачаатай бол ийм байдлаар хил давна гэдэг тун бүрхэг юм. Таван юан төлж, шар хуудас бөглөөд хилээр гарлаа. Явсаар Эрээн хотын автобус вокзал дээр ирлээ. Эндээс бид Бээжин орох унтлагын автобусанд сууна. Бүгд тус бүр 200 юан төлж, тасалбар худалдаж авлаа. Гэтэл их цас унаснаас болж Хөх хот, Бээжин орох автобус хойшлогдлоо. Хөх хот руу явах чиглэлийн автобуснууд бүр нэг өдрөөр хойшиллоо. Аз болоход манай автобус үдийн 4 цагаас хөдлөхөөр боллоо. Тэнгэр муухайрчихгүй байгаасай гэж шивнэсэн ч санаа зовж, сэтгэл түгшсэнгүй. Олон цаг хүлээж, элдвийг хөөрөлдсөн бид улам дотносож, бие биеэ илүү тодорхой мэдэх боллоо. Товлосон цаг болж, 107 дугаарын унтлагын автобусанд суулаа. Хоёр давхар автобусны доод талд ачаа тээшээ хийж, дээд талд нь зорчигчид явдаг сонин автобус харлаа. Урд нь өмнө зүг рүү онгоцоор зорчиж байсан тул ийм автобус байдгийг анх удаа мэдэж, биеэр зорчиж үзлээ.

Нэлээд хэдэн хятад хүн харагдлаа. Хоорондын зай маш ойрхон. Аялал их л сонирхолтой болж ирлээ. Автобусны цонхоор хоёр тийш хартал цэлийх тал байвч энд тэндгүй тарааж байрлуулсан үлэг гүрвэлийн баримал хаа сайгүй таарна. Аяны хүнийг уйдаахгүй гэсэн бас л нэг бодлого. Замын хоёр талаар жийрийтэл нь эгнээ мөрлүүлэн тарьсан шинэхэн модны суулгац, цөлжилтөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ. Энэ бүгдийг хараад өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрлөө. /Гэхдээ ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр сарын мод тарих аян явагдаж байгаад баяртай байна/ Бүтэн 12 цаг явсаар Бээжин хотын автобус вокзал дээр ирлээ.
Мэдээж автобус хоцорч ирсэн болохоор бид нислэгтээ амжихын тулд байдгаараа хурдалж, онгоцны буудал орох ёстой боллоо. Азаар манай элчинтэй хамтарч ажилладаг Монгол жолооч таарч, биднийг унаагаараа буудал хүргэхээр давхилаа.

Бээжин хотын хөдөлгөөн их тул замын түгжээ биднийг саатуулав. Яван явсаар бид буудал дээр ирэх  яг тэр агшинд бидний суух онгоц хөөрч харагдлаа.
Нислэгийн хуваариа солиулж, дараагийн нислэгт багтахын тулд хамаг л хэлний авъяас, ур чадвар, арга мэхээ хэрэглэн олон улсын нислэгийн менежер бүсгүйд учраа хэлж гуйсаар. Тайваниас биднийг урьсан нөхөд, Монголд үлдсэн нөхөд маань бүгд л энэ үеэр санаа зовон утасдаж, мэйлдэж, зөвлөж чадах бүхнээ хийсний эцэст бид оройн нислэгт багтаж чадлаа. Бөөн баяр. Биднийг эх нутгийн минь тэнгэр ивээж байгаа нь илт.

Бээжин хотоос хөөрлөө. Номхон далайн Баши сувгийн хойно оршдог Тайван арлын өмнөд хэсэгт байх Гао Шиэн олон улсын нисэх онгоцны буудлыг зорих ёстой байлаа. Мөн л нислэгээсээ хоцорсон бид дахиад л хүний нутагт царай алдан, дараагийн нислэгт багтаж, Тайван улс руу явахаар тэмцэх нь тэр. Харь орон луу явах тусам үйлчилгээний ажилчдын харьцаа сайжирч, бусдыг хүн ёсоор хүндлэн дээдлэхийн жишээг үзүүлнэ.
Өнөөдөр 4 дүгээр сарын 27-ны өдөр. Энэ өдрийн оройн болон шөнийн нислэг бүгд дүүрэн, маргаашийн суудал бүтэн захиалгатай. Менежер бүсгүй сул суудал гарвал бидэнд хэлье, ойр ойрхон ирж асуугаарай гэснээс өөр хариу өгсөнгүй. Олон цаг хүлээсний эцэст бид шууд Тайпэй хотын онгоцны буудал хүрэх тасалбар авч чадлаа. Уг нь бид Гао Шиэн /Kaohsiung/ хотод очих ёстой байсан юм. Явсан хүн хүрнэ гэгчээр бид сая нэг юм Тайван орны Тайпэй онгоцны буудалд газардлаа.
Сайн байна уу Тайван арал аа?

Тайвань хүмүүс өөрсдийн идэж ууж буй хүнс тэжээл, эдэлж хэрэглэж буй хувцас хунар, ахуй хэрэглэлдээ их анхаардаг, аль болох эко бүтээгдэхүүн хэрэглэж, байгальд ээлтэй замаар амьдрахыг эрхэм зорилгоо болгосон ард түмэн гэдэг нь алхам тутам харагдаж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн өөрсдийн өв соёл, түүхээ үр хойчдоо уламжлуулахын төлөө хамаг л амьдралаа зориулж, жинхэнэ ёсоор хөдөлмөрлөдөг ард түмэн болох нь харагдана.

Аялалын завсар зайгаар төрөлх уугуул үндэстний нэг Nan Ton тойргийн Puli /Пули/ тосгоны эртний эд өлгийн зүйл цуглуулдаг Ren Ming Wu /Рэн Мин Вү/ эрхэмтэй цөөн хэдэн хором ярилцах завшаан тохиолдсон билээ. Дашрамд хэлэхэд Тайваньд нийт 14 бие даасан үндэстэн амьдардаг юм билээ.

Ярилцлага өгөхөөс татгалзаагүй уриалгахан энэ эрхэмтэй түүний хобби цуглуулгынх нь талаар хоромхон зуур хөөрөлдөж суухад “...эртний, үнэт, ховор эдлэл цуглуулах сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд эдийн сайныг мэддэг, таньдаг болох хүртлээ дор хаяж 30 нас хүртлээ тэвчих хэрэгтэй. Гэхдээ үнэхээр эртний эдлэлийн үнэ цэнэ, учир утгыг мэддэг болсон бол заавал олон жил хүлээх албагүй. Хамгийн гол нь мэдлэг, мэргэжлийн хүний хараа, үнэрлэх, хүрэх мэдрэхүйгээ ашиглаж сурах, жинхэнэ эдийг хуурамчаас ялгаж чаддаг байх хэрэгтэй” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.

Манайд эртний эдлэл, ховор, үнэт зүйлс цуглуулдаг маш олон цуглуулагч, сонирхогч бий. Энэ хүнтэй ярилцсаны эцэст эртний, үнэт, ховор эд өлгийн зүйлс цуглуулна гэдгийн цаана эцэг өвгөдөөс бидэнд уламжлуулан үлдээсэн чамин тансаг өвийг хадгалан үлдээх, түүхээ авч үлдэх, ховор нандин ур хийцийг алдаж гээгдүүлэхгүй байхын ухаан оршиж байгаагийн нэг илрэл юм болов уу гэж бодогдож байлаа.

Өнөөдөр 2010 оны 4 сарын 30-ны өдөр. Одоо 19 цаг 15 минут болж байна. Оройн хоолны үеэр Төвд Монголын Хорооны Монгол талын асуудал эрхэлсэн эрхэм Баатар Хай, Индонейз улсаас ирж суралцаж буй нэгэн охины хамт ирж, бидэнтэй танилцан яриа өрнүүлсэн билээ.
Намхан нуруутай, бор царайтай, Тайваньчуудаас өөр дүр төрхтэй энэ оюутантай зэрэгцэж сууснаар цөөн хором ярилцах боломж олдсон. Neny /Нэни/ гэх нэртэй охин Хятад хэлний сургуульд дөрван жил Хятад хэл, уран зохиол судалдаг нэгэн байлаа. Чухам яагаад заавал Тайвань улсад ирж суралцсаныг нь асуухад “ ...Миний аав 2004 оны 12 дугаар сард Цунами болоход сураггүй алга болсон юм. 200 гаруй хүн сураггүй алга болж, нэлээд олон хүн нас барсан.  Ээж минь саа өвчнөөр бас нас барсан юм. Тэгээд надад очих газар, сарвайх хүнгүй болсон. Харин азаар сайхан сэтгэлтэй Тайвань хүмүүсийн ачаар би орох гэр, сурах ном, ярих нөхөдтэй болж, өдий зэрэгтэй явж байна” гэж хариулаад Монголчууд биднийг хамгийн азтай хүмүүс гэж хэлсэн юм даа.

Арлын орны хүмүүс ийм бүрэг ичимхий байдаг юм болов уу, эсвэл хөөрхий охин зовлон хагацал үзсэн болоод амьдралд нухлагдсандаа тэр юм болов уу гэж гайхах бас өрөвдөх сэтгэл зэрэгцэж байлаа. Тайвань арлын оронд ч гэсэн хоёр гуравхан жилийн өмнө цунами нэрмэсэн, газар хөдлөлт болоод, одоо нөхөн сэргээж байгаа гэх тодотголтой олон газар таарсан. Үер ус, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг арлын орныг тойрдоггүй нь гаслантай.

Далайтай хиллэдэг, арлын орныг нөмөрдөг дээрх байгалийн гамшгаас холуур байдаг Монгол эх газрын ард түмэн бид ч энэ охины хэлснээр үнэхээр жаргалтай ард түмэн юм байна даа.

Хоол хүнсний хувьд цагаан элсэн чихрийг огт хэрэглэдэггүй, /бор болон мөсөн чихэр байнга хэрэглэдэг/ хогийг ялгаж хаядаг, байгаль экологийн тогтолцоог шүтэж амьдардаг нь тэднээс суралцах зүйлс маш их байсныг зориуд дурьдмаар байна. Кофе нь төсөр хэрнээ чанартай, жимс чихэр нь амттай, бас хямд, далайн эрэг нь гайхалтай сайхан дулаан, таатай уур амьсгалтай, хүний төлөө жинхэнэ ёсоор үйлчилдэг нийгмийн үйлчилгээг та энд л мэдэрнэ. Аз болоход биднийг аялаж явахад Чингис хааны төрсөн өдрийг Тайванчууд тэмдэглэж байсантай таарсан. Монголчууд бид өөрсдөө эзэн хааныхаа төрсөн өдрийг мэдэхгүй, тэмдэглэдэггүй байтал харийн оронд өргөл барьц өргөн, дуу хуур болон хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн зочид буудалд тэмдэглэж байсан нь өвөрмөц агаад мартагдашгүй байсан.

Тэмдэглэл хөтөлсөн: С.Шинэцэцэг

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn